" Дунд голын ногоо " дууны эзэн сайхан хүүхэн Дашцэдэн.

" Дунд голын ногоо "

Бүх цаг үеийн сайхан бүсгүйчүүл тухайн цаг үеийнхээ дуу хөгжим, уран зурагын гол дүр, гоо сайхны хэмжүүрийг тодорхойлсоор ирсэн байдаг. Үүний нэгэн жишээ нь " Дунд голын ногоо " хэмээх ардын дууны эзэн хүрээний цуутай сайхан хүүхэн, ганган дэгжинээрээ алдартай Дашцэдэн хэмээх эрхэмсэг бүсгүй юм.

Хил хязгаар түгшүүртэй дайн дажны сураг чимээ өдөр хоногоор ойртон япончууд өдөр бүр өдөөн хатгалга хийж хил зөрчиж байсан тэр өдрүүдэд Монгол хүн бүхний хараа дорно зүгрүү ширтэж байсан цаг. Дайн ч болж, залуу жанжин Лхагвасүрэн Халхын голруу мордохынхоо өмнө цөөн хэдэн найз нөхдөө урин бяцхан цайллага хийх үеэр хүрээний нэгэн дуучин бүсгүй залуу жанжинд сээтэн хаяж дуулж хуурджээ.  Энэ байдалыг харсан жанжины орос эхнэр ихэд бухимдан жанжиныг тагтан дээрээсээ түлхсэн гэдэг. Энэ явдалыг сонссон Маршал дайн дажин болох гэж байхад манай шилдэг жанжины амь насыг хөнөөхийг завдлаа хэмээн өнөөх орос эхнэрийг 24 цагын дотор ачааны онгоцоор нутагруу нь буцаах тушаал гаргасан гэдэг.

                     

Ингээд Халхын голын дайн дууссаны дараа Маршал бараг захирамж гарган Богд хааны төрсөн дүү, Чойжин ламын өргөмөл охин, улсын 1-р зэргийн бүжигчин Дашцэдэн гэдэг царайлаг, нуруу туруу гоолиг, нүд хөмсөг болсон бүсгүйг богтлохоос наахнуур төрийн бодлогоор Лхагвасүрэн жанжинд авч өгсөн гэдэг.Тэр цагт Дашцэдэн гуай Бөмбөгөр ногоон, Нардом, Үлгэр жишээ клубын тайзан дээр бүжиглэдэг манай улсын анхны алдарт бүжигчидийн нэг байжээ. Дашцэдэн гуай хөөрхөн, сайхан хоёр нь хосолсон гоё бүсгүй байсан учраас эгэл жирийн эрчүүд байтугай лам хуврагууд хүртэл сахил санваараа умартан түүнийг харах гэж гүйлддэг байжээ. Хот хүрээнийхэн төдийгүй хөдөө гадаанаас ирсэн аянчин жинчид түүний бүжиглэхийг үзэх гэж Бөмбөгөр ногоонд очдог байсан тухай хуучцуул ярьдаг байж.

Дунд голын ногоо нь ээ хө
Ургасан байтлаа тарьсан юм шиг     
Дунжидмаагын хүүхэн чинь ээ хө
Төрсөн байтлаа зурсан юм шиг
Өлзий хээтэй алчуурыг ээ хө
Өврөөсөө битгий салгаарай даа   
Өвөл намрын зургаан сардаа хө
Хүүгээ битгий мартаарай хэмээх эрхэмсэг сайхан дууг хүрээний   авьяастай хүмүүс Дашцэдэн гуайд зориулан 1940-өөд онд зохиосон нь эдүгээ ардын дуу мэт домог болон үлджээ.

Сэтгэгдэл үлдээх